Арвайхээр сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийт 400 га газарт хотыг хөгжүүлэхээр зураг төсөл боловсруулсан. Үүний үндсэн дээр хот байгуулах жишгийн дагуу нэн түрүүнд инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэж, газар доорх хотыг бий болгожээ.
Азийн хөгжлийн банкны Мон-2301 төслийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ суурьшлын бүсэд 3.5 км дулааны шугам, 3.1 км бохирын шугам, 500 м цэвэр усны шугам сүлжээний ажлыг “ЧММ” ХХК өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн гүйцэтгэж 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өглөө.
Энэхүү дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг ашиглалтанд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн дэд бүтцийн ахлах ажилтан Б.Туул, Хот байгуулалтын салбарын МОН-2301 төслийн удирдагч Г.Мягмар, “ЧММ” ХХК-ний Ерөнхий захирал Х.Чинбат болон холбогдох албаны хүмүүс, ард иргэд оролцлоо.
Уг инженерийн шугам сүлжээ ашиглалтанд орсноор иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу энэхүү шинэ суурьшлын бүсэд 3870 өрхийн 5-9 давхар орон сууц, ЕБС 1, цэцэрлэгийн барилга 4, Төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, усан спортын төв, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барьж байгуулах бөгөөд энэ жилийн хувьд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж ашиглалтанд орох гэж байна. Мөн 928 хүүхдийн багтаамжтай ЕБС баригдаж байгаа юм. Ийнхүү Арвайхээр хотын ард иргэд цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдож үр шимийг нь хүртэх боломжтой боллоо.