Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөгдөж буй ажлуудыг мэдээлж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгдөг уламжлалтай.
Тус уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, даваа гарагт боллоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд өнгөрөгч 10 дугаар сарыг цаг агаарын хувьд таатай сар байсныг онцолж, орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд дуусч, томоохон бүтээн байгуулалтуудын нээлтийн үйл ажиллагаа өрнөсөн сар хэмээн тодотголоо.
Өнгөрөгч сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр ахлуулсан ажлын хэсгүүд байгуулагдаж, улсын төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, ИТХ-аас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Төгрөг, Гучин-Ус, Богд, Уянга, Бат-Өлзий, Хужирт сумдаар явж, дүгнэж ажилласан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монголын нутгийн удирдлагын холбоо, Конрад-Аденауэр Сантай хамтран 10 дугаар сарын 24-ний өдөр бүх сумдын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарыг хамарсан сургалтыг зохион байгуулжээ. БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, харилцан туршлага судлуулахад сургалт, семинарын гол зорилго оршжээ. Мөн 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2014-2015 оны мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангасан дүн, улсын төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалт, их засварын ажлын талаар, аймаг, орон нутгийн цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөв.
Энэ оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд ажлын хэсэг байгуулагдаж 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хүлээж авсан байна. Аймгийн хэмжээнд малчдын хүчээр 35827 тн хадлан, 6300 тн гар тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт сумдын хэмжээнд 917 тн хадлан, аймгийн нөөцөд бэлтгэх ёстой 320 тн хадланг бэлтгэжээ. 2014-1-2015 оны мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагджээ. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил мөн адил 90 хувьтай хангагдсан байна.
Аймгийн ЗДТГазраас “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа Монголын томоохон бизнес эрхлэгчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцжээ. Нэхмэлийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр, сүүний үйлдвэр барих, Бат-Өлзий, Уянга сумдад буй хүрмэн чулууны ордыг ашиглах, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахаар урьдчилсан байдлаар 10-аад аж ахуй нэгж байгууллагууд санал тавьсан байна.
Мөн өнгөрөгч сард “Том төрөөс Ухаалаг төр рүү” эрдэм шинжилгээний хурлыг анх удаа орон нутгийн хэмжээнд Арвайхээр хотноо зохион байгуулжээ.
ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 21 ажил хийхээр төлөвлөгдснөөс 19 ажил 100 хувийн биелэлттэй, их засварын 15 ажил хийгдэхээс 100 хувийн биелэлттэй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 19 ажлын 12 ажил энэ ондоо багтаж ашиглалтанд орох бол үлдсэн Мэргэд сургуулийн барилга, Уянга сумын соёлын төв, Есөнзүйл сумын бага сургууль, дотуур байр, Арвайхээр хотын Халдвартын эмнэлэг, Хархорин сумын спорт заал, Бүрд сумын эмнэлэг, Хархорин сумын үерийн суваг зэрэг барилгын ажлууд он дамжина гэлээ.