Ирэх жилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 21 аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан ажиллах юм байна. Өвөрхангай аймгаас усны чиглэлээр олон ажил хийж байгаа учир ирэх оны эхний 6 сард багтаан хамтран ажиллах саналаа өглөө. Усны аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөөний дагуу усны мэргэжлийн хүмүүс, холбогдох байгууллагуудаас оролцуулсан ажлын хэсгийг энэ онд багтан томилж, ажлын чиглэлээ тодорхойлох юм. Тухайлбал Онгийн голын сав газраас татаж буй ундны усны эх үүсвэрт харуул хамгаалалт тавих, камержуулах, түүний орчим 220 метр радиуст мал амьтан, айл өрх үл байлгах, хөрсний усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, гол усыг орчны бохирдол, байгалийн гамшгаас хамгаалах, усан сангуудын эрүүл ахуйн стандартыг хангуулах, мөрдүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай байгааг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал хэллээ.
Тиймээс 2015 онд аймгийн удирдлага, холбогдох албанаас усны аюулгүй байдалд онцгой анхааран ажиллах гэнэ.