Өнгөрөгч 7 хоног буюу 2014 оны 11 дүгээр сарын 3-наас 7-ны хооронд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд нийт 49 иргэн ханджээ. Үүнээс 21 иргэн гомдол гаргаж, 21 иргэн мэдээлэл авсан бол 6 иргэн санал, хүсэлт тавьж, 1 иргэн талархал илэрхийлсэн байна.
МШУТ-ийн нээлттэй утсанд хандсан иргэдийн дийлэнх нь боловсролын салбар, Арвайхээр сумын ЗДТГ-ын чиг үүрэг, эрчим хүч, цахилгааны эх үүсвэр, БОЭТ, цагдаагийн байгууллагатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг гаргажээ.
Тухайлбал сургууль, цэцэрлэгүүд хандив нэрийдлээр эцэг, эхчүүдээс мөнгө хураадаг, зарим цэцэрлэгүүд тодорхой шалтгаан хэлж тарах цагаасаа эрт хүүхдүүдээ явуулдаг, цэцэрлэгийн багш нарын ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдол боловсролын салбарт гарсан байна. Мөн нохой устгалтай холбоотой, хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг ажилчдын харилцаа хандлага тааруу байгаа талаар, 6, 10 дугаар багуудын худаг цагийн хуваарийн дагуу тогтмол ажилладаггүй, гэрлийн байцаагчид тоолуурын заалтаа нэмж бичдэг, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр баасан гарагт архи зарж байна зэрэг гомдлуудыг иргэдийн зүгээс гаргажээ.
Өнгөрөгч 7 хоногт ирсэн гомдлуудаас 5 асуудал шийдвэрлэх шатандаа явж байна. Бусад асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, хариуг иргэдэд мэдээлж ажиллаж байна хэмээн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга С.Ундрах мэдээлэв.