Арвайхээр хотод 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ноос боловсруулах үйлдвэр баригдаж, ашиглалтанд орлоо. Жилд 3000 тн ноос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр эхний ээлжинд ноосыг ангилах, угаах, самнах цехүүдийг ажилуулж эхэлсэн ба цаашлаад ээрэх, эсгий оёдлын үйлдвэр ажиллах юм байна.
Өвөрхангай аймгийн хувьд жилд 1600 тн ноосыг малаас гаргаж байна. Тус үйлдвэр нь зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас ноосныхоо нөөцийг оруулж ирэх бөгөөд боловсруулсан ноосны 70 хувийг гадаадын зах зээлд гаргаж, 30 хувийг үйлдвэрийн бүтээгдэхүүнд хэрэглэх юм. Одоогийн байдлаар орон нутгийн 55 иргэн байнгын ажлын байраар хангагдаад байна. 2014 онд багтааж дахин 30 иргэнийг шинээр ажилд авахаар төлөвлөж байгаа гэлээ.