2014 онд 2 удаа Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотоос Хөдөө аж ахуйн зөвлөхүүд Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр, Хархорин сумдад ажиллаж, цагаан будаа тарьж, туршиж байгаа тариаланчдын будааны үрслэг, хөрс бэлдэх, ургалтын байдалтай танилцаж, нийт 31 хүнд сургалт явуулж, цагаан будаа тарих арга технологийн гарын авлага, зөвлөмжөөр хангасан. Мөн аймгийн хэмжээнд цагаан будаа тариалж, турших ажлыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлоод цаашид өөрийн орон нутагт тохирсон богино болцтой, хүйтэнд тэсвэртэй сортын үр гаргаж авахын тулд туршилтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн байна.
Энэ онд Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотод Төгрөг сумаас 2, Арвайхээр сумаас 1 дадлагажигч суралцсан бөгөөд нийт 9 иргэн тус улсыг зорьж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлээд байгаа ажээ.
2014 онд 4 суманд 12 тариачин 294,4 м2 талбайд цагаан будаа тариалж, 31,4 кг ургац хураан авсан нь урд оныхоос 44,4 м2 талбай, 7.5 кг ургацаар өсчээ. Энэ нь манай аймагт цагаан будаа тариалах нөхцөл, боломж байгааг харуулж байна хэмээн аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн албанаас дүгнэж байна.