Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дэлхийн олон оронд янз бүрийн шугамаар зорчих нь ихэссэн. Энэ нь иргэдийн соёл, ахуй амьдралд эергээр нөлөөлж байгаа сайн талтай боловч нөгөө талаа сүндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож, гэмт хэргийн золиос болох явдал юм.
Иймд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд өртөхгүй байхыг Тагнуулын Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Үүнд:
1.Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх. Авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж, үзэх.
2. Түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх. Тухайлбал БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг.
3. Төрөл садан, найз нөхөд, танил хүмүүс тань хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж үзэхийг сонирхож байвал түүний хор хөнөөлийн талаар ойлгуулж, анхааруулах.
Тагнуулын Ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтэс