Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Мон-2301 төслийн хүрээнд 7.3 тэрбум төгрөгийн өртөг шингэсэн “Арвайхээр хотын усан хангамжийг сайжруулах, ариутгах татгуурын” ажил нэг жил гаруйн хугацаанд хийгдэж, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор ашиглалтанд хүлээж авлаа.
Ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Мон-2301 төслийн зохицуулагч Г.Мягмар, “Одкон холдинг” ХХК-ний Ерөнхий захирал Л.Мөнхбат, бусад холбогдох албаны хүмүүс, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.
Цэвэр усны инженерийн шугам сүлжээ, байгууламжийн иж бүрэн угсралтын ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэсэн юм. Аймгийн төвийн хүн амыг ундны усны найдвартай эх үүсвэрээр хангах 4 ширхэг гүний худаг, усан сан, өргөлтийн насос станц, хот дотор 11 км цэвэр усны цагираг шугам, гэр хорооллуудад төвлөрсөн системээр холбогдсон 18 ширхэг ус түгээх байрыг барьснаар Арвайхээрчүүд зөөврийн усан хангамжийг халж, Онгийн голын чанартай усыг ундандаа хэрэглэж, ундны усны хангамж эрс сайжирч байгаа юм. Мөн хотын төвийн ариутгах татгуурын 4 км шугамыг суурилуулснаар шинээр цэвэрлэх байгууламж барих нөхцөл бүрдлээ.