• Албан ёсны цахим хуудас
150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтанд орлоо

 

Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх тухай зорилт тусгажээ. Үүний хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, хүүхэд багачууд, эцэг, эхийн төлөөллүүд оролцлоо. Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд өнөөдрөөс эхэлж шинэ цэцэрлэгт хамрагдаж байна. 9 дүгээр цэцэрлэг ашиглалтанд орсноор аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 84 хувьтай болж байгаа ажээ. Мөн гэртээ хүүхдээ харж байсан эцэг, эхчүүдийн хувьд ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа юм.

Цэцэрлэгийн барилгыг “Бат-Энххүү” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тоног төхөөрөмж, тохижилтод шаардагдах 100 орчим сая төгрөгийн хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон орон нутгийн төсвөөс гаргажээ.

Ийнхүү инженерийн шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт хүүхдийн дуу цангинуулан анхны обьект хаалгаа нээлээ.

2014-11-17 01:11:45