Энэ онд манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Тус тэмдэглэлт ойг тохиолдуулан орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Орон нутаг судлах музейг засварлалаа. Засвар шинэчлэлийн ажил өнгөрөгч 3 дугаар сараас эхлэн хийгдсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн гэсэн танхимуудаас бүрдэж байсан бол энэ удаагийн сэргээн засварлалтаар бурхан шашны танхимыг шинээр нэмсний сацуу ан амьтны танхимд шинэ үзмэрүүдийг нэмсэн байна. Ийнхүү засвар үйлчилгээ хийгдсэнээр өмнө нь тулгамдаж байсан тог цахилгаан, дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, ая тухтай орчинд иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдлээ.