Айл өрхөөс эхлээд аймаг орон нутаг, цаашлаад улс орны хөгжил дэвшилд түлхэц болдог хүчин зүйл бол эдийн засгийн чадамж. Тиймээс Өвөрхангай аймаг урт хугацаанд баримтлах “Эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг МУИС-ийн судалгааны багтай хамтран боловсрууллаа. Энэ хүрээнд аймгийн зах зээлийн багтаамжийг судалж, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлон түүнийгээ төрийн түшээд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулж, тэдний санал зөвлөгөөг авах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор “Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн”-ийг аймагтаа болон Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үүний үр дүнд аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр агуулахын аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулахаар урьдчилсан байдлаар 10-аад аж ахуй нэгж байгууллагууд санал тавиад байна.