Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн ээлжийн коффициентийг бууруулж, хичээлийн байрны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, сурах орчин нөхцийг сайжруулах зорилт тугсгагдсан. Энэ хүрээнд Уянга суманд улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг шингэсэн 640 хүүхдийн суудалтай сургууль баригдаж, 12 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийн, албан ёсоор ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумдын удирдлагууд, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. Орчин үеийн стандартын шаардлага хангасан сургуулийн барилгатай болж, сурч боловсрох таатай орчин бий болж буйд сэтгэгдэл өндөр байна хэмээн Уянгачууд хэлж байв.
Тус сум нь 9000 гаруй хүн амтай, томоохон сумдын нэг бөгөөд шинэ сургууль ашиглалтад орсноор сумын төвд ерөнхий боловсролын 2 сургууль үйл ажиллаагаа явуулахаар болж байна. Шинэ сургуулийн барилгыг “Химон Констракшн” хийж гүйцэтгэсэн байна.