Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн болоод ирэх сард хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Тогтсон жишгийн дагуу өнөөдөр /2015.01.05/ аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариуллаа.
Тэрээр өнгөрөгч 12 дугаар сард аймгийн хэмжээнд мал тооллогын ажил зохион байгуулагдаж, 4.1 сая толгой мал тоолуулсан нь урд оноос 625 мянган толгой малаар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь аймгийн 83 жилийн хөгжлийн түүхэнд хамгийн олон мал тоолуулсан жил хэмээн онцоллоо. Олон мал тоолуулсантай холбогдуулан улсын сайн малчинд 5 малчны нэрийг санал болгож, Засгийн газарт өргөн барьжээ.
Улиран одсон 2014 онд орон нутгийн төсөв 120 орчим хувийн биелэлттэй, 1.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Улсын төсөв хүндэрсэнтэй холбоотой Сангийн яамнаас олгодог татаасыг өгөөгүй улмаас орон нутгийн хөгжлийн сангийн 3.1 тэрбум төгрөг он дамжихаар болжээ. Тусгай зориулалтын шилжүүлгийн хувьд Боловсролын салбар 300 сая төгрөгийн өртэй гарчээ. Учир нь улсын төсвөөс өгдөг татаасыг тодотголоор 300 сая төгрөгөөр бууруулсан байна.