• Албан ёсны цахим хуудас
Эрүүл мэндийн салбараас оны шилдгүүдээ шалгаруулж, алдаршуулав
2014 онд ажил хөдөлмөрөөрөө салбарынхаа хамт олныг манлайлан үр бүтээлтэй ажилласан оны шилдэг эмч, ажилтнуудаа шалгаруулж, алдаршууллаа. 
 
Оны шилдэг их эмчээр БОЭТ-ийн Мэс заслын клиникийн их эмч Нацагийн Баярсайхан тодорлоо. Тэрээр  1985 онд АУДС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, улсад 31 жил тасралтгүй ажиллаж байгаа. Сүүлийн 5 жилд 5711 хүнийг гардан эмчилснээс 3498 хүнд мэс заслын эмчилгээ хийж, үүнээс 1053 хүнд яаралтай мэс засал хийсэн. Н.Баярсайхан нь сүүлийн 3 жил дараалан хамгийн олон мэс засал хийсэн эмчээр шалгарсан. Итали, Швецари улсын эмч нартай хамтран 60 гаруй хүнд эрүү нүүр, хэвлийн хөндийн мэс заслыг амжилттай хийж ур чадвараараа олон улсын түвшинд үнэлэгдсэн шилдэг эмч нарын нэг юм.
Оны шилдэг бага эмчээр Төгрөг сумын ЭМТ-ийн эх баригч Самбуугийн Мөнхтөгс тодров. Тэрээр 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч мэргэжлээр төгсөж, эрүүл мэндийн салбарт 18 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 291 жирэмсэн эхийг хяналтанд авч, 135 эхийг эмчлэгч эмчийн хамт гардан төрүүлж эхийн эндэгдэл, хүндрэл гаргалгүй ажилласан. Эх баригч нарын дунд зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцож эхний байруудад шалгарсан. Өөрийн санаачлагаар эхийн амрах байрыг тохижуулж, ЭМТ-ийн дотоод тохижилтийг сайжруулах, эхийн хяналтыг сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллаж байгаа тэргүүний эх баригч юм. 
Оны шилдэг сувилагчаар Есөнзүйл сумын СДЭ-ийн сувилагч Бямбын Бадамханд шалгарлаа. Тэрээр 2007 онд Дархан-Уул аймгийн АУК-ийг сувилагч мэргэжлээр, 2009 онд мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч, 2014 онд сувилахуйн бакалавр мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 11 жил ажиллаж, 2010 онд Сувилахуйн амьдрал төвийн Алтан гарт сувилагч медаль, 2013 онд аймгийн ажил мэргэжлийн уралдааны 4 дүгээр байр, 2013 онд Алтан дэнлүү ажил мэргэжлийн уралдааны шилдэг сувилагчаар шалгарсан тэргүүний сувилагч юм.
Оны шилдэг эмнэлгийн мэргэжилтнээр Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн рентген техникч Жаргалын Гэрэл тодорлоо. Тэрээр 1993 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг дүрс оношлогооны техникч мэргэжлээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт 22 жил ажилласан. Ажиллах хугацаандаа 1300-1500 хүнд рентген оношлогооны тусламж үзүүлсэн. Шинжилгээнд шаардлагатай урвалж материал, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж технологийн алдаа зөрчил гаргалгүй цацрагтай ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн цацрагийн хамгаалалтыг сайжруулахад олон зүйлийг санаачлан, үр дүнтэй ажиллаж байгаа тэргүүний ажилтан юм. 
 
Оны шилдэг ажилтнаар Өлзийт сумын ЭМТ-ийн жолооч  Цэрэндондогийн Дандар шалгарсан байна. Тэрээр 1980 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг жолооч мэргэжлээр төгссөн. Өлзийт сумын ЭМТ-д 15 жил тасралтгүй ажиллаж, нийт 810 000 км замыг туулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн. 2014 онд 616 алсын дуудлаганд цаг алдалгүй шуурхай ажилласан зэрэг амжилтуудыг үзүүлжээ. 
2015-01-06 00:25:42