Томуу өвчин 2, 3 сард үргэлжлэх магадлалтай байна
Цаг агаарын хуурайшилтаас үүдэн 10 дугаар сараас эхлэн ханиад, томууны дэгдэлт өнөөг хүртэл буурахгүй байсаар байна. Аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 80-аас буурахгүй байгаа бөгөөд барагтай эдгэдэггүй, дахих магадлалтай, хүрсэн даруйдаа хатгаа болдог зэрэг хүндрэлээс үүдэн томуугаар өвчлөгчдийн тоо буурахгүй байгаа аж.
Түүнчлэн эцэг, эхийн зүгээс хүүхдэд үзүүлэх анхаарал халамж муу, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны мэдлэг байхгүй, ханиад хүрсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулж байгаагаас халдвар газар авч буй, амны хаалт хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан томуугаар өвчлөх хүүхдийн тоо ихсэх хандлагатай байгааг эмч нар хэлж байв. Өнөөдрийн байдлаар аймгийн БОЭТ-ийн 40 ортой хүүхдийн тасагт 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 90 хувь нь 0-9 сартай нярай хүүхдүүд байгаа юм.
Хэрэв эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс эмнэлгийн эмч, ажилчидтай хамтран ажиллаж эхлэхгүй бол томуугийн өвчлөл дэгдэлт хэлбэрт хүрч, 2-3 сард үргэлжлэх магадлалтай байгааг холбогдох албанаас анхааруулж байна.
2015-01-10 01:18:54