Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад айлчилж буй түүхэн үеийн гэрэл зургууд, дүрс бичлэг, тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ материалын үзэсгэлэнг  энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Арвайхээр, Уянга сумдад зохион байгуулах гэж байна. Дээрх үзмэрүүдийг Уянга суманд шинээр баригдсан Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейд байрлуулах аж.Монгол улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1913-1914 онд Оросын эзэнт улсад төрийн айлчлал хийж байжээ. Уг айлчлал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, Монголоос Оросын хаант улсад Бүрэн эрхт Элчин сайд суулгах, Оросоос эдийн засгийн хувьд тусламж, дэмжлэг авах, Өвөрмонголыг чөлөөлөх дайн болж байсан цаг үе тул зэр зэвсгийн тусламж авах, мөн Ерөнхий сайдын хувьд Оросын соёл, шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшилтэй танилцах, Монголд түүнээс нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн зорилгыг агуулж байжээ.