• Албан ёсны цахим хуудас
Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд хүндэтгэн заллаа
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн хүрээнд Монгол Улсын  анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөргийг Төрийн ордонд хүндэтгэн заллаа. Энэхүү зураг нь 1914 оноос хойш ОХУ-д хадгалагдаж байжээ. Үүнийг доктор С.Чулуун ОХУ-ын Санкт-Петербург хотын гэрэл зураг, кино, дуу дүрсний архиваас шинээр хуулбарлан авч ирсэн бөгөөд анх удаагаа хэвлэн нийтлэгдэж байгаагаараа онцлогтой юм.
Монгол улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 35 настайдаа Оросын эзэнт улсад айлчилж, эзэн хаантай уулзах үедээ авхуулсан Төрийн ёслолын хувцастай ховорхон зураг ажээ.
1912 оны наймдугаар сараас Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Ерөнхий сайдын албанд томилогдож байжээ. Тэрээр 1913-1914 оны заагт Оросын эзэнт улсад айлчилж, төрийн тогтолцоо, зохион байгуулалттай танилцаж, дэвшилтэт олон зүйлийг улс орондоо хэрэгжүүлэхийг зорьсон байдаг. Түүний нэг нь Монгол улсад анх удаагаа Улсын Дээд, Доод хурлыг байгуулах саналыг гаргаж, Богд хаан зөвшөөрснөөр 1914 онд Улсын Дээд хурал байгуулагдаж, Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Улсын Дээд хурлын даргаар ажилласан байна. Энэхүү Улсын Дээд, Доод хурал нь Монгол Улсад парламентад ёсны эхлэл байсан бөгөөд улсын хэргийг хоёр шаттайгаар хэлэлцэж, санал оруулж, эзэн хаанаараа баталгаажуулж төрийн хэргийг хөтлөн явуулж байжээ. 
 
2015-01-10 02:49:20