• Албан ёсны цахим хуудас
Энэ өдөр: Ардчилсан Үндсэн хуулийн өдөр
Монгол Улсын Үндсэн Хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Тус хууль нь 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэхүү хууль бий болгожээ.
Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгоно. Мөн засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг.
 
Үндсэн хууль бол эрх бүхий төрийн байгууллагаас онцгой журмаар эсвэл нийт ард түмний санал асуулгаар батлагддаг хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай, төрт ёс, хууль ёс, хэв журмын үндсэн болсон төрийн гол баримт бичиг юм. Дэлхийн улсуудын үндсэн хуулиуд нь тухайн улсын түүх, нийгэм, соёлын онцлогоос шалтгаалан зохицуулах зүйлийн хувьд өөрийн гэсэн онцлогтой байдаг боловч ардчилсан хэв шинж бүхий үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө, тухайн улсын төрийн байгуулалтын асуудал тусгалаа олсон байдаг. Үндсэн хуулийн мөн чанар нь түүний суурь, ардач, бодит, тогтвортой шинжүүдээр илэрдэг.
 
- Үндсэн нийгмийн бүх харилцааг зохицуулдаггүй бөгөөд гагцхүү гол, чухал, тулгуур харилцааг зохицуулдаг нь түүний суурь шинж бөгөөд нийгмийн бусад харилцааг ердийн хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
 
- Үндсэн хуулийн ардач шинж нь уг хууль ард түмний ашиг сонирхлыг бүрэн дүүрэн илэрхийлж байгаагаар илэрдэг. Иймээс үндсэн хуульд ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзэлтэй шууд холбогдсон нийгмийн харилцааг тусгасан байх бөгөөд уг хууль ард түмнээс шууд, эсвэл төлөөлөгчдийн байгууллагаар уламжлагдан батлагдана.
 
- Үндсэн хуулийн бодит шинж нь уг баримт бичиг тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюуны санааны тодорхой түвшин, бодит нөхцөл байдлыг тусгадагт оршино.
 
- Үндсэн хууль нь урт удаан хугацаанд тууштай үйлчлэх баримт бичиг учраас тогтвортой байдал нь түүний чухал шинж бөгөөд үндсэн хуулийг тэр бүр өөрчлөөд байх нь нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй, хямралт байдал үүсгэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал дэлхийн анхны бөгөөд хамгийн тогтвортойд зүй ёсоор тооцогддог 1787 оны Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль 200 гаруй жилийн хугацаанд 27 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг.                                                       
                                                                                                                                      
                                                                                                                                                                                      Эх сурвалж: mnb.mn                                                        
2015-01-12 19:24:59