• Албан ёсны цахим хуудас
“Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэн боллоо
Аймгийн Засаг даргын Тамгын газраас, ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэнг Арвайхээр хотноо зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнгээр Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад айлчилсан үеийн  100 гаруй гэрэл зураг, 2 дүрс бичлэг, тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ материалуудыг дэлгэн үзүүлсэн юм. 
Дүрс бичлэгийн нэгд Сайн ноён хан Т.Намнансүрэн Крымд Оросын II Николай хаантай уулзсан тухай, нөгөөд нь Монголын төлөөлөгчид Улаан талбайд зочилж байгааг харуулсан байна.
Арга хэмжээнд зориулж аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Түүхийн хүрээлэнгийн доктор Д.Өлзийбаатар нар үг хэллээ. Мөн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад” сэдэвт лекцийг Арвайхээрчүүдэд сонордуулсан юм.
.
Тус үзэсгэлэнг Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос Улсад айлчилсан төрийн айлчлалын түүхт 100 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монголын Үндэсний түүхийн музейд өнгөрөгч сард зохион байгуулсан юм.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь Орос улсад 1913 оны 10 дугаар сарын 18-наас 1914 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 сар гаруй хугацаатай төрийн айлчлал хийсэн байна. Тэрээр Монгол Улсын Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Монголоос Оросын эзэнт улсад Бүрэн эрхт элчин сайд суулгах, Оросоос эдийн засгийн болон зэр зэвсгийн тусламж дэмжлэг авах гол зорилгуудыг агуулж байжээ.
2015-01-13 05:52:37