Монгол төрийн анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейн нээлт боллоо
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 оны шар барс жил Сайн ноён хан Төгс-Очирын хоёрдугаар хүү болж мэндэлсэн.
Аймаг, сумдын удирдлагуудаас Т.Намнансүрэнгийн Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан гавьяа зүтгэлийг залуу, хойч үедээ сурталчлан таниулах, түүний алдрыг мөнхжүүлэх зорилгоор Уянга суманд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн дурсгалын гэрэлт хөшөөг түүний номын өргөөний буйран дээр босгож, Т.Намнансүрэнгийн нэрэмжит сургууль, ёслол хүндэтгэлийн өргөөг барьж байгуулсан.
Энэ удаа Монголын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейг улс, орон нутгийн нийт 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, албан ёсоор ашиглалтад орууллаа.
Тус музей нь хоёр танхимтай бөгөөд нэг танхимд нь Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад хийсэн төрийн айчлалын үеийн ховор гэрэл зургууд, баримт материалыг хүндэтгэлтэйгээр байрлуулсан юм.
Нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Түүхийн хүрээлэнгийн эрхлэгч, доктор Д.Өлзийбаатар, Уянга сумын удирдлагууд, Орон нутаг судлах музейн хамт олон, нутгийн иргэд оролцов.
Сайн ноён хан Т.Намнансүрэн судлалд амьдралынхаа 10 гаруй жилийг зориулан, ховор баримт материалуудыг цуглуулж, түүнийгээ Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейд хүлээлгэн өгсөн доктор С.Чулуунд аймаг, сумдын удирдлагууд, ард иргэд баярлаж буйгаа илэрхийлж байсан юм.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун хэлэхдээ: Би анх оюутан ахуйдаа Т.Намнансүрэнгийн тамганы талаар судалж, эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан. Түүний тамганы үзүүрт энэ олон түүхэн баримт, материал байсан хэмээлээ.
2015-01-15 00:31:47