“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлт боллоо
Жил бүрийн эхэнд аймаг, орон нутагтаа нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудыг онцгойлон анхаарч, шийдвэрлэх зорилгоор зорилтот жилийг зарлан тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг уламжлалтай.
Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2015.01.15/ боллоо.
Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, дотор эрхтний тэр дундаа хоол боловсруулах эрхтний хавдар манай аймгийн иргэдийн дунд хурдацтай тархаж байна. Түүнчлэн амьдралын буруу хэвшил, архи тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэж иргэд өвчлөх нь ихэсчээ. Дээрх асуудлуудаас гадна эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн иргэдийн санал хүсэлтүүдийг үндэслэн 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа.
Зорилтот жилийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, тэднийг зөв зан үйлд сургах, аймгийн нийт иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, өвчлөлөөр нь ялгаж ангилах, цаашлаад эмчлэх, эрүүлжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зэрэг багц ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумдын удирдлагууд, сум, өрхийн ЭМТ-ийн дарга, эмчлэгч эмч, багийн дарга, багийн эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд, БОЭТ-ийн захирал, клиник албадын дарга, ЕБС-ийн захирал, эмч, төрийн ба төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл 600 орчим хүн оролцлоо.
2015-01-15 02:14:59