Зэвсэгт хүчний 256 дугаар анги “Алдрын танхим”-аа музейд нээлээ
Ардын хувьсгалтай нас чацуу, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт зэвсэгт хүчний 256 дугаар ангиас аймгийн Орон нутаг судлах музейд байгууллагынхаа түүхэн замнал, алдар гавьяа, ололт амжилтыг харуулсан хүндэтгэлийн танхимыг нээлээ. Энэ онд тохиох чөлөөлөх дайны 70 жилийн ойг угтаж, 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүний хүч хөдөлмөр, хандив тусламжаар тус “Алдрын танхим”-ыг байгуулжээ. Хүүхэд, залуучуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, тэдэнд эх орноороо бахархах сэтгэлийг суулгахад хувь нэмэр болох зорилготой аж. 1939 оны Халхын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон түүхэн гавьяатай тус ангиас Монгол Улсын баатар 3, Хөдөлмөрийн баатар 2, Генерал цолтон 16 төржээ. Орон нутгийн музейд энэхүү гавьяагаа алдаршуулж, түүхэн замналаа мөнхжүүлснээр цэрэг, иргэний хоорондын харилцааг бэхжүүлэхэд маш чухал үр дүн үзүүлнэ гэж байлаа. Тус музейд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүчний байгууллагуудын буланг шинээр нээн тохижуулж байгаа аж.
2015-01-15 19:49:52