Аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай гэрээ байгууллаа
Монгол Улсын Боловсролын тухай хуулинд аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шууд томилж, үр дүнгийн гэрээ байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Бүрэн эрхийнхээ дагуу аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймгийн хэмжээний 30 сургууль, 34 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагуудтай 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэ үеэр боловсролын байгууллагуудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өгсөн юм.
Тухайлбал удирдлагуудын албан хэрэг хөтлөлт хангалтгүй байгааг анхааруулж, хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулах, ажил хэрэгч, хариуцлагатай байж манлайллыг дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах, дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн харилцаа хандлага, хүмүүжил, төлөвшилд анхаарч, онцгой ач холбогдол өгч ажиллахыг санууллаа.
Мөн 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсролыг чанартай хүргэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, эмчгүй сургуулиудыг эмчтэй болгох, өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарах, нийт хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах талаар ажлын чиг үүрэг өгөв. Түүнчлэн улс орны эдийн засаг хүндхэн байгаа нөхцөлд боломжтой зардлуудыг хэмнэж ажиллахыг зөвлөв.
2015-01-19 04:21:00