Аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй үйлчилсэн, шинэ техник, технологи нэвтрүүлсэн, ажлын байр олноор бий болгосон байгууллага, хөдөлмөр зүтгэлээ дайчлан идэвх санаачлагатай ажиллаж, мэдлэг боловсрол, ур чадвараараа аймаг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй ажилтан, ажиллагсдыг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.
Энэ сарын 20-ны өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Оны тэргүүний ажилтан, байгууллага”-ыг шалгаруулах тухай хэлэлцэж, Баянтээг ХХК, Баян-Өндөр сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Далайн-Одод трейд ХХК-ийг оны тэргүүний байгууллагаар шалгарууллаа.
Харин оны тэргүүний ажилтнаар Баянгол сумын ЗДТГ-ын төрийн сангийн төлөөлөгч М.Мөнхбаатар, Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Халтархүү, Мэргэд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Л.Тэрбиш, Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн сүрэг нөхөрлөлийн малын эмч Ц.Отгон, аймгийн ЗДТГ-ын жолооч Б.Норжинчулуун нарыг тодруулж, шагнаж, урамшуулахаар тогтов.