“Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн санхүүжилтээр БОЭТ-д 4 ортой, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан “Хавдар хөнгөвчлөх тасаг” шинээр үүд хаалгаа нээлээ.
Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилгаар байгуулагдсан тус Сангаас хөдөө, орон нутагт хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор үе шаттай хөтөлбөр боловсруулж, ажиллаж байгаа бөгөөд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт уг тасгийг нээж байгаа аж. Нээлтийн арга хэмжээнд “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн Х.Болормаа, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч н.Мөнгөнцэцэг, Эрүүл мэндийн газрын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Хавдар хөнгөвчлөх тасаг аймгуудад бий болсноор Улаанбаатар хотыг зорих иргэдийн урсгал багасч, ХСҮТ-ийн ачаалал буурна хэмээн Монгол Улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн Х.Болормаа хэлсэн үгэндээ онцолсон юм.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг нь хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээ ажээ.