2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, зорилтот жилийг удирдан зохион байгуулах аймгийн хороог Засаг дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 зорилт, 33 үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хэсгийн төлөөллүүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бүх сумдад очиж, нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх, иргэдээс эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадлын судалгаа авах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах, ЕБС-ийн сурагчдаас үе тэнгийн сургагч бэлтгэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Тус ажлыг энэ сарын 30-наас эхлэн 3 хоногийн хугацаатай Төгрөг сумаас эхлэх гэж байна. Сумдын эмч нарын үзлэгээс сонгогдсон иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд дотор, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, гэмтэл согог, эрэгтэйчүүд, БЗДХ, шүд, эрүү нүүр, ЭХО-гийн эмч нар шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй газар дээр нь очиж ажиллана.