Аймгийн төвийн усан хангамжийг сайжруулах, ард иргэдийг чанарын шаардлага хангасан цэвэр усаар хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хот байгуулалтын салбарын МОН2301” төслийн хүрээнд Арвайхээр хотын цэвэр усны инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажил хийгдлээ. Ундны цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах 4 ш гүний худаг, 14.6 км цуглуулах шугам, 14.6 км ус дамжуулах шугам, 100 м3-ийн 2 усан сан бүхий өргөлтийн насос станц, хлоржуулалтын тоног төхөөрөмж, 1000 м3-ийн усан сан, хотын дотор 11.98 км цэвэр усны цагираг шугам, гэр хорооллуудад 18 ш ус түгээх байр, 4.1 км бохир усны гол шугам, 4.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажлууд хийгдлээ. Эдгээр ажлууд хийгдснээр Арвайхээрчүүд зөөврийн усан хангамжийг халж, усны чанар, хүртээмж эрс нэмэгдлээ. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байрнаас 5411 өрхийн 21400 иргэн ундны усаар хангагдаж байна.
Азийн хөгжлийн банкны Мон-2301 төслийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ суурьшлын бүсэд 3.5 км дулааны шугам, 3.1 км бохирын шугам, 500 м цэвэр усны шугам сүлжээний ажлыг “ЧММ” ХХК 3 сарын хугацаанд гүйцэтгэж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгөв. Уг инженерийн шугам сүлжээ ашиглалтад орсноор иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинэ суурьшлын бүсэд 3870 өрхийн 5-9 давхар орон сууц, ЕБС 1, цэцэрлэгийн барилга 4, Төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, усан спортын төв, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барьж байгуулах бөгөөд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаж ашиглалтад орлоо. Мөн энд 928 хүүхдийн багтаамжтай ЕБС баригдаж байна.
“Өнөр” хорооллын 427 м цэвэр усны шугамыг орон нутгийн хөгжлийн сангийн 42 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьснаар 43 иргэн, аж ахуйн нэгж цэвэр усны төвлөрсөн шугаманд холбогдох боломжтой болов. Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7.9 км цэвэр, 5.2 км бохир усны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил, дулааны 3.2 км хос шугамын ажил хийгдэж дууслаа.
Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчлэснээр иргэдийн орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч, аймгийн хүн амын тоо нэмэгдэж, 2393 иргэн шинээр шилжиж ирсэн байна. Мөн 2015 оноос гэр хорооллын инженерийн төвлөрсөн шугамд хувийн орон сууцыг хөнгөлттэй зээлээр холбох ажил хийгдэж эхэллээ.