2014 онд Уянга суманд 640 хүүхдийн, Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хичээлийн байр, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэг, Хархорин суманд 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Арвайхээр, Хархорин суманд нийт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулав. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалтыг 94.4 хувьд хүргэж, өмнө оноос 0.3 хувиар, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 83.1 хувьд хүргэн, өмнөөс оноос 0.5 хувиар тус тус өсгөлөө.
Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдлаа. Тус цэцэрлэгийг “Бат-Энххүү” ХХК барьж, гүйцэтгэсэн бөгөөд 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд хамрагдаж байна.
Уянга суманд баригдсан 640 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 3.5 тэрбум төгрөгөөр барьж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Тус сум нь 9000 гаруй хүн амтай томоохон сумдын нэг бөгөөд шинэ сургууль ашиглалтад орсноор сумын төвд 2 сургууль үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Улсын төсвийн 2 тэрбум 20 сая төгрөгийн хөрөнгөөр Бат-Өлзий суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг барьж, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Өмнө нь 1500 сурагч 3 ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургууль нээгдснээр хүүхдүүд 2 ээлжээр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт цагаа сургууль дээрээ өнгөрөөх, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, секц дугуйланд хамрагдах боломжтой болов.