Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Өвөрхангай аймагт ажлын айлчлал хийлээ


Мөн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Доктор Су Нюунт-У болон Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгчид, аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцлоо. БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ: Өвөрхангай аймагтай аялал жуулчлалын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсонд таатай байна. Цаашдаа Турк улсын Эрүүл мэндийн яам, Хөгжлийн туслалцааны байгууллага, хувийн салбарыг оролцуулсан мэргэжлийн хүмүүсийн багийг авч ирж нөхцөл байдалтай танилцуулж, энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулж, дүн шинжилгээнд суурилсан мэргэжлийн түвшинд хамтарч ажиллана гэлээ.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ: Зөвхөн Улс орноо төлөөлж ажиллахаас гадна Монголын эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Цаашид төсөл хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хамтран ажиллана гэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагууд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар төлөөлөгчдөд танилцуулж, санал солилцлоо.



2015-02-08 20:31:46