Жил бүрийн эхэнд сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинарыг зохион байгуулж өнгөрөгч оныхоо үйл ажиллагааны ололт амжилт, алдаа оноог дүгнэж, ирэх оны зорилгоо хэлэлцдэг уламжлалтай. Тус уулзалт энэ сарын 9-ний өдөр боллоо. Уулзалтын эхэнд аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагын удирдлагууд “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд иргэдийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн үзлэгт хамруулахад анхаарах асуудал, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, 2015 оны өвөлжилт хаваржилтын тойм, 2015 оны төсвийн тодотголын талаар сумдын удирдлагуудад чиглэл өгөв.
Мөн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2015 онд хэрэгжүүлэх томоохон ажлууд болоод цаг үеийн ажлын талаар чиглэл өгсөн юм. Тухайлбал Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ирэх 7 дугаар сард тэмдэглэхтэй холбогдуулан ойн бэлтгэл ажилд сумдын удирдлагуудыг идэвх, санаачлагатай оролцохыг санууллаа. Мөн “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажил эрчимтэй эхэлж буйг онцлоод зорилтот жилийн хүрээнд бүх суманд нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, иргэдийг үзлэг, шинжилгээнд оруулах бөгөөд тус үйл ажиллагаанд иргэдээ идэвхтэй хамруулахад онцгой анхаарах, сумдынхаа эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн энэ онд улсын төсөв хүндэрч байгаатай холбогдуулан хэмнэж болох зардлыг хэмнэх, орлогыг дайчлахад онцгой анхаарах, Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөлөө.
Уулзалт, семинарын дараа аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2015 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа.