“Галзуурагч” хэмээх хөхөгчин хонь жилийн босгон дээр өврийн сайхан хангай нутагт улсын сайн малчин 5-аар нэмэгдсэн. Сайн малчдыг алдаршуулах, шагнаж урамшуулах үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдрөөс эхлэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар Баянгол сумын 5 дугаар багийн малчин Цоодолын Батсайхны хотыг зорьж, улсын сайн малчны шагналыг гардуулж өгсөн юм.
Ц.Батсайхан нь 1800 гаруй толгой мал тоолуулж, эцэг өвөгдөөсөө уламжлагдаж ирсэн малч ухааныг залуу хойч үедээ өвлүүлэхэд хичээл зүтгэлж гаргаж, байгаль цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, айл саахалт, нутаг ус, аймгийнхаа малчин түмэнд үлгэр дуурайлал үзүүлснээр улсын сайн малчны болзлыг хангажээ. Түүний аав Ч.Цоодол Монгол улсын хошоо аварга малчин, гавьяат нэгдэлчин бөгөөд аавынхаа малч ухааныг өвлөж ийнхүү удам залгасан улсын сайн малчнаар тодорч байна.
Тэрээр 8 дугаар ангиасаа мал дагаж, 1989 онд өрх тусгаарлан айл гэр болохдоо 120 малтай эцгийн гэрээс тасарч байжээ. 2003 онд аймгийн сайн малчны болзол хангаж өдгөө 49 настайдаа улсын сайн малчин болж байгаа юм. Голомт залгах 3 хүүтэй бөгөөд отгон хүүгээ багаас нь мал маллах арга ухаанд сургаж, залгамж халаагаа бэлдэж байна гэлээ.