Улсын сайн малчинд шагнал гардуулах ёслол Бүрд сумын малчин Сэрээнэндоржийн Пунцагийн хотонд үргэлжлэв. Шагналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар гардуулж өгсөн юм.
С.Пунцаг эхээс 14-үүл, 12 наснаасаа мал дагаж өдийг хүрчээ. Гэр бүл зохиож, гал голомтоо бадраахдаа 20-иод тооны малтай эцгийн гэрээс тасарч байсан тэрээр өдгөө 2200 гаруй мал тоолуулж, улсын сайн малчны болзол хангажээ. С.Пунцаг 6 хүүхэдтэй тэдний 5 нь өөрсдийн сонирхлоор мал маллаж, амьдрал ахуйгаа авч яваа аж. Түүний төрсөн дүү С.Сандагдорж 2011 онд улсын сайн малчин болсон гээд удам дамжсан малчны хотноос улсын сайн малчин шинээр төрлөө. Ийнхүү Баян-Өндөр сум 11 улсын сайн малчинтай боллоо.