2014 онд нийт 96 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, 700 гаруй иргэн хамрагдснаас 137 иргэн тэнцэж төрийн албанд анх орох нөөцөд бүртгэгдсэн байна. Үүнээс 72 иргэн төрийн жинхэнэ албанд нэр дэвжиж томилогджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгуулдаг. Тус ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Төрийн албанд анх орсон иргэдийн тангараг өргөх ёслолд нийт 29 албан хаагч тангараг өргөлөө. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ ур чадвараа дайчлан, мэдлэг оюунаа үргэлж дээшлүүлж ажиллахыг хүслээ.
Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо өсч, төрийн албанд ажиллах иргэдийн хүсэл эрмэлзлэл нэмэгдэж буйг онцлоод өрсөлдөөнтэй энэ цаг үед эрхэлсэн ажилдаа эзэн нь болж тууштай, хариуцлагатай, үнэнч шударга ажиллахыг захив.