Монголчууд бид хэдхэн хоногийн дараа Билгийн тооллын XYII жарны “Галзуурагч” хэмээх хөхөгчин хонин жилээ угтан золгох гэж байна.
Сүүлийн жилүүдэд монголчуудын төрт ёсны их баяр Цагаан сарыг хэт үрэлгэн байдлаар тэмдэглэж, архидан согтуурах явдал түгээмэл шинжтэй болсон нь уламжлалт ёс заншил, дэг жаягийг ихээхэн алдагдуулж, улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд өрх гэр, хүн бүрийн амьдралд багагүй дарамт учруулж байна.
Иймд өвгөд дээдсээс бидэнд үе дамжин өвлөгдөж ирсэн Монгол ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, цагаан сарын баяраа ариун журамтай, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ӨВӨРХАНГАЙЧУУДДАА хандаж УРИАЛАХ НЬ:
Олон мянган жилийн тэртээгээс Монголчууд бид ахмад настан, өтгөс буурлуудаа хүндэтгэн,ёс жудгаа дээдэлж, таван хошуу малынхаа арван цагаан буян болсон сүү цагаан идээ, амтат шүүсээрээ уламжлалт цагаан сараа тэмдэглэдэг байсан нандин заншлаа сэргээцгээе.
Зочин гийчдээ согтууруулах ундаагаар дайлахыг урьтал болгох, архи дарсаар шахах, өөрөө зочинтойгоо хамтран архидах муу зуршлаасаа салцгаая.
Өндөр настан, хамаатан садан, найз нөхдөө хүндэтгэх нэрийн дор бие биедээ бэлэг сэлтийг хавтгайруулан түгээдэг явдлыг хязгаарлан архи бэлэглэдэг явдлаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бэлэг бэлтгэн зөвхөн өтгөс нялхасдаа барьцгаая.
Цагаан сарын үеэр найз нөхөд, анги, хамт олон, байгууллагууд бие биенээрээ хэсэж найрладаг, архидан согтуурдаг явдлаас ангижирцгаая.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явдлыг бүрэн хязгаарлая.
ӨВӨРХАНГАЙЧУУД АА
Энэхүү уриалгыг хүн бүр хүлээн авч, хэрэгжүүлэн уламжлалт баяраа хэт үрэлгэн байдал, архидалтаас ангид дүүрэн жаргалтай, түвшин амгалан тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт Та бүхэнд итгэж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН
2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Арвайхээрхот