Эрхэм хүндэт өврийн сайхан хангай нутгийн ард иргэд ээ
Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй нутгийн уугуул иргэд ээ
Та бүхэнд айлчлан ирж буй “Галзуурагч” хэмээх хөхөгчин хонь жилийн сар шинийн мэндийг айлтган мэндчилье.
Улиран одож буй модон морь жил Өвөрхангайчууд Та бидний хувьд ажил үйлс өөдрөг, сэтгэл тэнүүн, байгаль дэлхий ивээлээ хайрласан буянтай жил байлаа.
Аймгийн эдийн засгийн үндэс болсон мал сүрэг өмнөх оноос 620.0 гаруй мянган толгойгоор өсч, 4.1 сая гаруй малтай боллоо. Энэ нь нэг талаар манай малчин түмний хичээнгүй хөдөлмөрийн үр дүн, нөгөө талаас байгаль дэлхий ивээлээ хайрласан ач буян юм.
Улс орны эдийн засаг хямралтай байсан ч манай аймгийн эдийн засгийн өсөлт 13.0 хувьд хүрч, улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Ирж буй хөхөгчин хонь жил түүхэн жил бөгөөд Монголчууд бид, тэр дотроо Өвөрхангайчууд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойг хамтаараа тэмдэглэхээр бэлтгэж байна.
Энэ их ойг ажил бүтээлийн их амжилтаар өрнүүлж, Өндөр гэгээний их үйлсийг хойч үедээ сурталчлан таниулахад чухал дэвшил гаргасан он байх болно.
Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Зорилтот жилийн хүрээнд аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, амьдралын зөв хандлагад сургах, эрүүл мэндийн үйлчилгээнд томоохон ахиц гаргахаар ажиллаж байна. Эдгээр зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн идэвхтэй оролцоо, дэмжлэг хамтын ажиллагаа чухал байна.
Ингээд аймгийнхаа нийт Зон олон Та бүхэндээ дахин сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, хүн бүхэнд аз жаргал, ололт амжилт гийсэн орлого ашиг арвинтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн