“Галзуурагч” хэмээх хөхөгчин хонь жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймгаас 28 иргэн төрийн дээд одон медаль гардаж, энгэрээ мялаалаа. Аймаг, орон нутаг, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эдгээр хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 17, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэнийг шагнаж, алдаршуулав. Төрийн одон медалийг 2 дугаар сарын 18-ны өдөр буюу битүүний өдөр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар гардуулан өгсөн юм.