Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутныг аймаг бүр алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг аймгийн удирдлагуудад даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу 3 сая дахь иргэний хамгийн ойрын чацуутнаар тодорсон Эрдэнэбатын Ханджамц охин болон түүний аав, ээжид Арвайхээр хотод шинээр баригдсан 10 давхар орон сууцны 10 давхарт 2 өрөө байр олгож, өнөөдөр аймгийн Засаг дарга байрны түлхүүрийг охины аав, ээжид хүндэтгэлтэйгаар гардуулан өгсөн юм.
Энэхүү байрыг орон нутгийн төсвөөс 60 сая төгрөг гаргаж, Эрдэнэбатын гэр бүлд худалдан авч өгч байгаа юм. Тус барилгыг барьж гүйцэтгэсэн “Арвайхээр хурд” ХХК залуу гэр бүлд гал тогооны тавилга, хувцасны шкапыг иж бүрнээр нь хийж бэлэглэсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн батламж, гарын бэлгийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр гардуулан өгөв.
1 дүгээр сарын 24-нд 3 сая дахь иргэн Монголжин охинтой нэг өдөр төрсөн хүүхдүүдээс сум дундын эмнэлэгт мэндэлсэн цорын ганц хүүхэд нь Э.Ханджамц охин юм. Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн босгонд түүний төрсөн нутгаас 3 сая дахь иргэнтэй хамгийн ойрын чацуутан тодорсныг бэлэгшээж, Э.Ханджамц охиныг эрдэм номтой, төрсөн нутаг, улс эх орныхоо нэрийг бадраасан мундаг хүн болохыг аймгийн удирдлагууд хүсэн ерөөлөө.