• Албан ёсны цахим хуудас
Салаа зам эвхэн суналзах зэрэм тал, эгц өндөр уулсын хослол бүрэлдсэн Өвөрхангай аймгаас хийсэн тэмдэглэл
 

Салаа зам эвхэн суналзах зэрэм тал, эгц өндөр уулсын хослол бүрэлдсэн Өвөрхангай аймгаас хийсэн тэмдэглэл

      “Масс агентлаг”-ийн санаачилсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхлээд буй. Монгол орны өнцөг булан бүрт байрлах жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихээр сэтгэл шулуудсан төслийн баг юуны түрүүнд Өврийн сайхан хангай болох Өвөрхангай аймгийг хоёрдугаар сарын 4-ний өдөр зорьсон юм.

Сэтгүүлч миний бие өмнө нь Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумдаар үдлээд буцаж байв. Харин энэ удаа ихийг хийж бүтээж буй үндэсний үйлдэврлэгчидтэй уулзаж, тэдний жаргал зовлонг сонсон, мэдээ сурвалжлага бэлтгэх ховорхон боломж олдсонд талархаж байлаа.  

Ингээд тав хоногийн томилолттой “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”  төсөл, хөтөлбөрийн баг Улаанбаатараас хоёрдугаар сарын 4-ний өглөө 07.00 цагт  Өвөрхангай аймгийн зүг хөлгийн жолоо заллаа.  Ийнхүү зорилго, хүсэл нэгтэй төслийн багийн арван есөн гишүүн нийслэлээс 430 км зайд орших Арвайхээр хотод 14.00 цагийн орчимд хүрэлцэн ирсэн юм.

“Өвлөх урлаг” оёдлын цехийн үүсгэн байгуулагч Л.Батсүх

Улмаар очсон даруйдаа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Өвлөх урлаг” оёдлын цехтэй танилцаж, үүсгэн байгуулагч Л.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр монгол гутал, эмээлийн гөлөм хийх аргыг ааваасаа суралцаж, өвлөн авсан учир оёдлын цехээ “Өвлөх урлаг” хэмээн нэрийджээ.  Эхнэртэйгээ хамтран үйл ажиллагаагаа эхэлж байсан үеийг бодоход өнөөдөр өөртэй нь нийлээд таван хүн тус цехт ажилладаг. Түүний хэлж буйгаар ажиллах боловсон хүчин дутмаг байгаа нь хамгийн их бэрхшээл болдог гэлээ. Дашрамд дурдахад Л.Батсүх нь Цонжинболдог цогцолборт байрлах монгол гутлын загварыг гаргасан уран гартай нэгэн юм.  Мөн түүний 7-9 настай хоёр хүү нь аав ээждээ тусалж түлхүүрийн оосор, гарын бугуйвч зэргийг хийдэг.

Ийнхүү “Өвлөх урлаг” оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Арвайхээр хотод байрлах хонь, тэмээний ноосоор бүх төрлийн бэлэн хувцас үйлдвэрлэдэг “Уран сүлжмэл” оёдлын үйлдвэрийг зорилоо. Үүсгэн байгуулагч А.Хүрэлбаатар,н.Дуламсүрэн нар нь анх нийслэлд орон сууцны хонгилд үйлдвэрлэлээ эхэлж байсан түүхтэй. Гэвч тэд шантарч,хойш суусангүй. Залуу хүний урам зориг, хийж бүтээх чин хүсэлдээ автаж төрөлх нутаг Өвөрхангай аймагтаа үйлдвэрлэлээ үргэлжлүүлжээ. Тиймээс ч залуу гэр бүлийн цаашдын зорилго том. Тэд үйлдвэрийн байраа өргөжүүлэн, тоног төхөөрөмжөө шинэчилж, бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох хүсэлтэй.

"Уран сүлжмэл" оёдлын үйлдвэрийн дарга А.Хүрэлбаатар

Ийн А.Хүрэлбаатар, н.Дуламсүрэн нар шиг уйгагүй хөдөлмөрлөж байгаа залуусаар бид бахархаж, дэмжих ёстой. Тиймдээ ч энэ мэт залуусын үйл хэргийг олон нийтэд сурталчилах нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн чин зорилго билээ. Энэхүү зорилгын минь үргэлжлэл болсон залуу гэр бүлийн цаашдын ажил хөлөлмөрт өндөр амжилт хүсье.

Ийн төслийн баг тэр өдрөө Өвөрхангай аймгийн Тарагт сумыг зорилоо. Учир нь тус суманд жижиг дунд бизнес эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж, өрхийн бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байв. Энэ үеэр гэртээ молоко үйлдвэрлэдэг Н.Даариймаатай ярилцаж, хэрхэн молоко үйлдвэрлэдэг талаар гэрт нь очиж сонирхлоо. Тэрбээр сум хөгжүүлэх сангаас хоёр сая төгрөгийн зээл хүсч хоёр үнээ худалдан авчээ. Улмаар үнээнийхээ сүүгээр химийн найрлагагүй жинхэн монгол молоког үйлдвэрлэдэг. Түүнчлэн Н.Даариймаа гэртээ молоко хийхийн хажуугаар үхрийн аргалыг нүүрсний үртэстэй хольж илч сайтай түлш гарган авдаг хөдөлмөрч,чамбай эмэгтэй юм.  

Гэртээ молоко үйлдвэрлэгч Н.Даариймаа

      Биднийг Өвөрхангай аймагт ажиллах үеэр цаг агаар тогтуун, дулаан байв. Хаврын урь аль хэдийн орж, малчид төлөө хүлээж авахаар бэлтгэл ажилдаа оржээ. Мөн Өвөрхангай аймгаас төслөө үргэлжүүлж байх зуур тус аймгийн Баруунбаян-Улаан сумаас аймгийн сайн малчин хоёр, манлай малчин нэг тодорч бид малчны хотонд зочиллоо. Тодруулбал, аймгийн сайн малчин цолыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын малчин Ц.Нацагдорж, А.Хорлоо нар хүртсэн юм. Мөн аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан Н.Бямбасүрэнд “Манлай тэмээчин” цолыг өгсөн билээ. Энэ үеэр эдгээр сайн малчдыг алдаршуулан, баяр хүргэж сумын удирдлагууд болон нутгийн зон олон Улсын сайн малчин болох ерөөлийг дэвшүүлж байв.

 "Сайн малчин" Ц.Нацагдорж   

"Сайн малчин" А.Хорлоо

"Манлай тэмээчин" Н.Бямбадорж

Өвөрхангай аймаг тэмээ ихтэй нутаг. Тиймээс ч нутгийн иргэд хүндтэй зочдоо ингэний хоормог, аарц, ааруулаар дайлдаг аж. Мэдээж тэмээ элбэгтэй нутагт ирснийх тэмээний уралдаан үзэж сонирхов. Өмнө нь тэмээний уралдаан үзэж байгаагүй надад энэ нь шинэ сонин зүйл байлаа. Тэмээг зургаан сарын турш уяж 15-18 км-т уралдуулдаг хэмээн аймгийн алдарч уяач Ч.Сандагсүрэн хуучилсан юм. Тэмээний уралдааныг тус аймагт зохион байгуулаад 30 гаруй жил болж байгаа ба энэ жилийн уралдаанд 30 гаруй тэмээ уралджээ. Тэдгээрт улсад хамгийн олон тэмээ тоолуулсан Монгол Улсын гавьяат малчин Ц.Шинэн хоёр тэмээгээ уралдуулж, эхний хоёр түрүүг авсан билээ. Харин гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын алдарт уяач н.Наранбаатарын хар тэмээ, дөрөв, тавдугаар байрт мөн тус сумын уяач н.Дамдинсүрэнгийн хар тэмээ, н.Хорлообаатарын бор тэмээ тус тус хурдалсан юм.  

Мөн зургаан сумын иргэдийг хамарсан Мөсний баяр Баруунбаян-Улаан сумын нутагт байрлах “Таацын цагаан нуур”-нд зохион байгуулагдлаа. Энэ үеэр нутгийн зон олон тэшүүр, олс таталт, чарга, мөсний шагай, зэрэг төрлөөр хурд, хүчээ сорьж, аваргуудаа шалгаруулж хөгжилдсөн юм. Ийнхүү тэмээний уралдаан, мөсний баярын арга хэмжээг үзэж сонирхсон бид төсөлд хамрагдсан дараагийн баялаг бүтээгчидтэйгээ уулзахаар Баруунбаян-Улаан суманд буцаж ирлээ.

“Говь сүү” цехийн ажилчид

Миний дараагийн уулзаж,ярилцсан хүн бол “Алтан нуга даваа” хоршооны дарга Т.Дулмаа. Шавилхан биетэй, шулуун яриатай Т.Дулмаа эгч биднийг найрсгаар угтан авч хоршооныхоо үйл ажиллагааг танилцуулж, дотно яриа өрнүүлсэн юм. Тэрбээр анх найзтайгаа нийлж “Говь сүү” цехийг үүсгэн байгуулж сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Ажлын гараагаа амжилттай эхэлсэн хоёр найз өнөөг хүртэл үйлдвэрлэлээ өргөжүүлж сумын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ өгдөг. Тэднийг анх аж ахуй эрхлэх сургалтад сууж байхад багш нь”Бид хятадын иштэй чихрийг идэх биш. Монгол цагаан идээгээр иштэй чихэр хиймээр байна” хэмээн хэлсэн гэдэг.  Энэ л үгнээс нь санаа авч сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. “Говь сүү” цех нь “Алтан нуга даваа” хоршооны харьяа бөгөөд 2007 онд байгуулагдаж, хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийг зах зээлд бэлтгэн нийлүүлж, байгалиа хамгаалах, нөхөн  сэргээх зорилгоор заг болон модлог ургамлыг тариалдаг юм. Тус хоршоо нь 2007 онд найман өрхийн 14 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 87 өрхийн 105 гишүүн тогтмол ажиллаж, хүрээгээ тэлж өргөжжээ.

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд уулзсан сүүлийн өрхийн бизнес эрхлэгч бол “Жинстийн өгөөж” талх,нарийн боовны ажилтан Т.Баярхүү гуай. Тэрбээр 2013 онд сум хөгжүүлэх сангаас хоёр сая төгрөгийн зээл авч өрхийн үйлдвэрлэлдээ нэмэрлэж бизнесийн гараагаа эхэлж байжээ.  Тэрбээр “Жинстийн өгөөж” цехийг хоёр охинтойгоо хамтран ажиллуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөн л сумын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт өгдөг юм. Тэд дан ганц “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ өгөхөөс гадна зэргэлдээ сумдууд цаашлаад аймгийн төв рүү талх нарийн боовоо нийлүүлэх зорилготой. Мэдээж тэд хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд ажлын байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай. Тиймээс зорилгоо биелүүлэхийн төлөө бид цаг наргүй хөдөлмөрлөнө хэмээж байсан юм.

Мал сүргийн манлай болсон тэмээний эх нутаг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас хийсэн тэмдэглэл үргэлжилж байна. Дэлхийд ховордсон тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд таатай сайхан нутаг бол Өвөрхангай аймаг.

Тэмээ нь таван хошуу малын хамгийн том биетэй нь. Гэвч хамгийн тайван, уяхан зөөлөн амьтан билээ. Тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд маллагаа шаардаад байхгүй ч хэрэндээ хайр халамж хүсдэг амьтан хэмээн хашир туршилгатай тэмээчид хэлж байлаа.

Яг л ийм барилаар тэмээн сүргийн тоо толгойг өсгөж аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан залуу малчин Н.Баябадоржийнд бид саатсан юм. Тэрбээр таван үеийн тэмээчин бөгөөд 400 тэмээ буюу Өвөрхангай аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан малчин болж “Манлай тэмээчин” цолыг хүртсэн билээ. Тиймээс энэ л хүнийг бид хөрөг сурвалжлагынхаа гол баатраар сонгож, тэмээ маллах арга ухаан амьдралынх нь талаар хөөрөлдсөн юм.

Ийнхүү шаргал нарны туяанд алтран харагдах элсэн манхан, салаа зам эвхэн суналзах зэрэм тал, эгц өндөр уулсын хослол бүрэлдсэн Өврийн сайхан хангайд хийсэн бидний томилолт өндөрлөж,нийслэлийн зүг хүлгийн жолоо заллаа.  

Эцэст нь монгол орны өнцөг булан бүрт баялаг бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчилан, дэмжих нь манай хамт олны чин хүсэл, зорилго юм гэсэн үгээр энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай...

 

Эх сурвалж: mass.mn

2015-02-26 22:07:51