• Албан ёсны цахим хуудас
Улаанбаатар хотод суугаа Өвөрхангайчууд золголоо
Улаанбаатар хотод ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Өвөрхангайчууд сар шинийн дараахан золгож, нутаг орныхоо талаар сонин хачин хөөрөлдөж заншаад 10 гаруй жил болж байна. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран тус сар шинийн золголтыг зохион байгуулдаг юм.  Золголт шинийн 9-ний билэгт сайн өдөр АСА цирк-д боллоо. 
 
Танхимын асарт аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгаас төрөн гарсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Я.Содбаатар, Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар уригдан ирж хүндэт зочдын хамт заларсан байлаа.
Уртын дуучидгүйгээр төрийн найр, хүндэтгэлийн цэнгүүнийг төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч нээлтийн ёслол дээр “Эр бор харцага” уртын дууг эгшиглүүлж, АСА циркийн жаврыг үргээсэн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд нутгийн олонтойгоо золгож, амар мэндийг мэдэв.
Өвөрхангай аймгийн уугуул иргэдийн золголтыг жил бүрийн Цагаан сарын шинийн 9-нд хийж байх товыг дуулгалаа. Өнөө жилийн золголтод сум бүрээс төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
2015-03-01 21:56:49