3 сая дахь иргэний чацуутнуудыг эх барьсан эмч, мэргэжилтнүүд БАТЛАМЖ гардан авлаа
Хонь жилийн босгон дээр Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч,180 нярай 3 сая дахь иргэний чацуутан болсон түүхэн үйл явдлыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.
Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутнаар 2, үе чацуутнаар 6 нярай мэндэлсэн.
Эрүүл мэнд, спортын яамнаас 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан “Хүйн ээж” болох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулж, “БАТЛАМЖ” гардуулах ёслолын арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
3 сая дахь иргэний чацуутнуудыг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч С.Сумъяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” -ийг гардуулж өгөв.
Дээрх батламжийг гардан авсан “хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэний үе чацуутныг Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол 3 сая дахь иргэний үе чацуутан 2 нярайг БОЭТ-д эх барьж түүхэн үйл явдлын гэрч дахин болж байгаа нь “хүйн ээж”-ийн бахархал болсон онцлог үйл явдал боллоо.
2015-03-01 23:33:20