Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагууд аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Тус уулзалт энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Ойг угтаж бүтээлч ажлуудыг зохион байгуулан Өндөр гэгээний их үйлсийг хойч үедээ сурталчлан таниулахад дэвшил гарган ажиллана хэмээн онцоллоо.
Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд түүнийг төр нийгмийн зүтгэлтэн, шашны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, уран бүтээлч, улс төрч талаас нь судалж, олон нийтэд түүний үйл хэргийг сурталчлан таниулах үүднээс 2 удаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм. Тухайлбал дөрөвдүгээр сарын 12-ноос 19-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод, тавдугаар сарын 28-нд Монголд улсад олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, ном гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн Өндөр гэгээний тухай баримтат кино бүтээлгэх бөгөөд зохиолыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нар бичиж байгаа гэлээ. Түүнчлэн “Өндөр гэгээний нутгаар” нэртэй аялал зохион байгуулах, төрсөн газарт нь гэрэлт хөшөө босгох, Зүүн хайрхан уулыг аймгийн тахилгатай уул болгох зэрэг томоохон ажлуудаас гадна аймгийн хүндэтгэлийн хаалга барих, наадмын талбай засварлах, Өндөр гэгээний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн музейг түүний сурталчилгааны танхим болгох ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний түүхт 380 жилийн ойн нэгдсэн баярын арга хэмжээ 7 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд болно.