Гэр бүл, хүний хөгжлийн төв буюу Гэрлэх ёслолын ордон 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор тууз хайчилж, ашиглалтад орсон. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай агшин өрнөж байдаг тус өргөөнд байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт 150 гаруй хос нэг насныхаа ханьтай гэрлэж, хуримласан байна. Зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй Монголчууд, Улаанбаатар хот, бусад аймгуудаас хосууд ирж хуримын ёслолоо хийжээ. Гэрлэх ёслолын ордоны хамт олон хуримын ёслолоос гадна гэр бүлүүдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулдаг юм. Тухайлбал гэр бүлийн боловсрол олгох, амьдрах ухаан, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээр 20 гаруй удаагийн сургалтыг 2010-2014 онд хийсэн бөгөөд 3000 гаруй хүн хамрагджээ.