Гэр бүлийн хүчирхийлийн эсрэг нэгдэж, цагаан туузан дээр гарын үсэг зурлаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Арвайхээр хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийт Аюуш баатрын талбайд цуглаж охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст ажиллаж буй Австралын Улаан Загалмайн сайн дурын ажилтан Тед Томсон хэлэхдээ: “Хэрвээ хүчирхийллийн асуудал улс хоорондын асуудал байсан бол бид дайн гэж нэрлэх байлаа. Хэрвээ өвчин байсан бол тахал гэж нэрлэнэ. Гэвч эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа хүчирхийллийг зүгээр л хэвийн үзэгдэл гэж харж буй нь эмгэнэл юм. Бүсгүйчүүд гэртээ, болзоонд явахдаа хүчирхийлэлд өртөж байна” гэв.
Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 35-70 хувь нь дотно харилцаатай хүнийхээ бэлгийн дарамт болон хүчирхийлэлд өртдөг аж. Аав нь ээжийг нь зодож, хүчирхийлэхийг харж өссөн эрэгтэй хүүхдүүдийн 50-аас илүү хувь нь аавыгаа дуурайдаг байна.
Цуглаанд оролцсон олон нийт охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцэж цагаан туузан дээр гарын үсгээ зурцгаалаа. Цагаан тууз бол хүчирхийллийг зогсоохын тулд тусламж эрж буй эмэгтэйчүүдийг дэмжиж буй эрэгтэйчүүдийн компанит ажлыг бэлэгдэл юм.
2015-03-08 19:37:02