Өнгөрөгч 7 хоног буюу 3 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 тоот утсанд нийт 22 иргэн хандаж санал, хүсэлт, гомдлоо уламжилсан байна.
Тухайлбал тэтгэврийн насанд хүрсэн иргэд боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлагийн салбарт ажиллаж байна, БОЭТ-ийн зарим эмч нар үйлчилгээний хүнд суртал гаргаж байгаа талаар, БОЭТ-д ажиллаж байгаа эмийн сангийн тариф өндөр байгааг цаашлаад тог эрчим хүчтэй холбоотой гомдлуудыг гаргажээ. Мөн Арвайхээр хотод гэр цэцэрлэг нэмж ажиллуулах талаар мэдээлэл авахыг хүсчээ.
Тэтгэврийн насанд хүрсэн хэрнээ ажиллаж буй иргэдийн тоог гаргах, БОЭТ-д ажиллаж байгаа эмийн сангийн үнийг хянаж, бусад эмийн сангуудтай адил үнэтэй болгох, эмч нарийн харилцаа, хандлагад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Хөрөнгө шийдэгдээгүй учир энэ онд гэр цэцэрлэг ажиллуулахгүй ажээ.
Сар шинээс хойш МШУТ-д хандах иргэдийн тоо эрс буурсан хэмээн тус төвийн дарга С.Ундрах онцоллоо. Өмнө нь 7 хоногт тогтмол 35-аас 45 хүртэлх тооны хандалт ирдэг байжээ.