Монголын Морин Циркийн урлагийг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулахаар Өвөрхангайн залуус Солонгос улсын Чежү арлыг зорихоор болжээ. Арвайхээр сумаас Г.Очирдорж, Н.Нямдэлгэр, Гучин-Ус сумаас Э.Балжинням, Хархорин сумаас Э.Бархас нар эхний ээлжинд тус циркт ажиллахаар Чежүг зорих гэж байна. Дунд сургуулиа төгсөөд мал маллаж байсан, цэргийн алба хаагаад ирсэн 18-22 насны жинхэнэ эр бяр жагссан, авхаалж самбаа, хурд хүчээ сорих хүсэл эрмэлзлэлээр дүүрэн залуус аж.
Солонгос улсруу хүлгийн жолоо залах гэж буй залуучуудыг Өвөрхангай нутгаас төрсөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү хүлээн авч уулзлаа. Тэрээр нутгийн дүү нартаа сайн ажиллаж, Монгол морьтны гайхамшгийг дэлхийд таниулж, амжилттай яваад ирээрэй гэж ерөөв.
Дашрамд дурдахад “Шонхор” цирк нь 950 хүний суудалтай циркийн дугуй манежинд өдөртөө 3-5 тоглолт хийдэг аж. Тус цирк өдөрт 3500-5000 гаруй Солонгос иргэдэд Монголынхоо гайхамшигт түүх, соёлыг таниулж, Чингисийн морьтон Монгол хаана ч хүчирхэг хэвээр гэдгийг гайхуулсаар явна. Тус циркийн хамт олон БНСУ-ын Чежү арал дахь Морьтны циркид 10 гаруй жил ажиллахдаа гадаад, дотоодын 15 сая гаруй жуулчдад тоглолтоо хүргэсэн байна.