• Албан ёсны цахим хуудас
“Үйлдвэржилт” үндэсний хэлэлцүүлэг боллоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас үйлдвэржилтийн газрын зургийг шинэчлэх, орон нутагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодруулах зорилгоор 21 аймагт “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа юм. Тус хэлэлцүүлэг өнгөрөгч пүрэв гарагт Өвөрхангай аймагт боллоо. 
Хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагын удирдлагууд, бизнес эрхлэгчид, банк санхүүгийн салбарынхан оролцов.
 
Үйлдвэржүүлэлтийн зураглалыг шинэчлэн боловсруулах, аймгийн брэнд бүтээгдэхүүн ба зах зээлийг тогтоох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тохиолддог бэрхшээлийг тодруулан эрэмбэлэн жагсааж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, оролцогчдын санал, бодлыг авсан юм.
“Үндэсний хэлэлцүүлэг”-ээс гарсан асуудлуудыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нэгтгэн дүгнэж Аж үйлдвэрийн яаманд тавих замаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, жижиг дунд үйлдвэрийн хуулийн  төсөл ба жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллах юм байна. Мөн МҮХАҮТ-ын жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд тусган ажиллах ажээ.
 
 
 
2015-03-22 19:15:14