• Албан ёсны цахим хуудас
Эрдэнэсантаас Элсэн тасархай хүртэлх 70 км авто замын хунгарласан цасыг цэвэрлэж байна
Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч Уянга, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Тарагт Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Хархорин сумдын нутгаар цасны зузаан 20 см, хунгар газартаа 60-80 см, салхины хурд 16 м/сек, бусад нутгаар цасны зузаан 20 см, салхины хурд 16-18 м/сек зарим үед 24 м/сек цасан шуурга шуурсаны улмаас зам даваа хаагдах, малчид шуурганд төөрөх, автомашинтай иргэд цасанд боогдох зэрэг хүндрэлүүд гарчээ.
Гэнэтийн энэ үзэгдлийн үеэр аймгийн Онцгой байдлын газарт 146 иргэн хандсанаас 14 ослын дуудлаганд Эрэн хайх аврах бүлэг гарч ажилласан бөгөөд 26 иргэн төөрч алга болсны 25 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь насаа алдсан байна. 
Улсын чанартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн Бумбатын даваа, Шартын даваа Хөөврийн хөндий, Тарнийн гол, Элсэн тасархай зэрэг  газрын зам цасан шуурганы улмаас хаагдсаныг аймгийн АЗЗА ТӨХК-ийн 2 ковш, 1 фургон, 1 ланд маркийн авто машинтай ажлын хэсэг гаргаж, хаагдсан зам давааг цэвэрлэх арга хэмжээ авсан бол Бумбат-Арвайхээр чиглэлийн 40 км замыг “Үйлсийн зам” ХХК-иас 2 ковш гарч цэвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэсант сумаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын Элсэн тасархай хүртэлх 70 км авто замын 17 хэсэг газрын хунгарласан цасыг аймгийн АЗЗА ТӨХК-ийн  шуурхай бүлэг цэвэрлэж байна. 
 
 
 
 
 
2015-04-07 20:19:45