• Албан ёсны цахим хуудас
Сарьдагийн хийдийн малтлагаар гарсан Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээс дээжлэн нийтэд толилуулж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазарын 1654-1680 онд бариулсан Халхын шарын шашны төв “Төгс баясгалант” номын их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг. Тус хийдэд 2 жилийн турш малтлага хийж судалгааны явцад 1300 гаруй олдвор илрүүлсэн.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний барьж байгуулан бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан дээрх олворуудаас 100 гаруй үзмэрийг дээжлэн “Номын их хүрээг нээсэн нь Сарьдагийн хийдийн судалгаа” нэртэйгээр энэ сарын 28-наас эхлэн нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууны ярьснаар тус малтлагыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн үндэсний экспедиц хийж, олон сайхан бүтээлүүд олж гаргажээ.
Доктор С.Чулуун “Өндөр гэгээн Занабазар олон төрлөөр урлаж байсан гэдэг нь энэ олдворуудаас харагдаж байна. Зураасан зураг, шавар эдлэл, хийдийн шүншиг, мөнгөн аяга, Балбад хийсэн зоос, Монгол цэргийн хувцасны бүрэн хэрэглэл, хуяг, дуулга, сэлэм, буу гарсан. Энэ бүхэн 17 дугаар зууны үеийн Монголын түүхийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Өндөр гэгээний урлагийн бүтээлийн судалгааг өргөжүүлсэн эхний үр дүн юм” гэлээ.
Үзэсгэлэнг 2015 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд толилуулна.
 
2015-04-29 06:07:34