Сумын Засаг даргын Тамгын газарт болон сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг чанартай хүргэх, үйл ажиллагааг бэхжүүлэх, нягтлан бодогчдын ур чадварыг үнэлж, түвшин тогтоох зорилгоор төсвийн байгууллагуудын нягтлан бодогчдоос жил бүр түвшин тогтоох шалгалт авах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Тус шалгалтыг жил бүрийн 4 дүгээр сарын сүүлийн 7 хоногийн баасан, бямба гарагуудад зохион байгуулах бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчид хамрагдахгүй ажээ. Түвшин тогтоох шалгалтын хүрээнд бичиг баримтын шалгалт, хууль эрх зүйн мэдлэгийг шалгах, мэргэжлийн болон ур чадварын шалгалтыг авах юм. Хангалтгүй үнэлэгдсэн нягтлан бодогчдыг мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалтанд хамруулж, бичиг баримтын шалгалтанд тэнцээгүй нягтлан бодогчдын ажлын байрыг нийтэд нээлттэй зарлах юм.
2015 оны түвшин тогтоох шалгалтыг 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, төсвийн байгууллагуудын 76 нягтлан бодогч хамрагдлаа.