Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг дарга 2015 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Орон нутгийн хэмжээнд тохиолдож болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгох аймаг, орон нутгийн Засаг захиргаа, Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хамтын ажиллагааг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 5 дугаар сарыг 6-ны өглөө 05:30 цагт эхэлж, Өвөрхангай аймгийн 19 сумын хэмжээнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор нийт 4598 иргэн нэгдсэн талбайд цуглаж, үйл ажиллагаанд оролцлоо. Арвайхээр хотын Аюуш баатрын талбайд аймгийн онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах улсын 11 алба, 29 мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн жагсаалын жигдрэлт, бэлтгэл бэлэн байдлаа шалгууллаа. Энэ үеэр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс 19 сумтай видео дүрсээр холбогдож сумдад яаралтай цугларах дохиогоор ажиллаж буй үйл явцыг шууд дамжуулав.